Wednesday, March 28, 2012
Та өөртөө хэр хайртай вэ?
Өөрийгөө сайн үнэлж сурах нь амьдралын чухал асуудал юм. Зовлон бэрхшээлгүй амьдрал гэж байдаггүй. Өөрийгөө үнэлж чаддаг хүн амьдралд гарч ирэх зовлон бэрхшээлээс өөрийгөө татаж гаргах чадвартай байдаг. Өөрийгөө та хэр их үнэлж чадна төдий чинээ та амьдралдаа гарч ирсэн хүнд хэцүү бэрхшээлүүдийг даван туулах чадвартай байна гэсэн үг.
Өөрөө өөрийгөө үнэлэх нь өөрөөрөө бахархаж, өөрөө өөрийгөө хүндэтгэх асуудал юм. Та өөртөө хэр их хайртай вэ? Өөрийнхөө чадварыг хэрхэн Үнэлдэг вэ? гэдгээс таны өөрийгөө үнэлэх үнэлгээ гарч ирж байгаа юм.
Та өөрийгөө үнэлж сурснаар орчин тойрондоо болж буй үйл явдлуудыг сөрөг нүдээр харахын оронд байнга өөдрөг, эерэг нүдээр харахаас гадна ялна-дийлнэ, давна-туулна гэсэн зан чанарыг өөртөө бий болгож байгаа юм. Та өөрөөрөө хэр их бахархана төдий чинээ таны өөрийгөө үнэлэх үнэлгээ сайжирна, та өөрийгөө хэр их голно төдий чинээ өөрийгөө үнэлэх үнэлгээ доогуур байна гэсэн үг.
Бид хүүхдээ бага байхаас нь авахуулаад үргэлж ингэж болохгүй, тэгж болохгүй, зогс, боль, үгүй гэх мэтийн үгүйсгэсэн үгнүүдийг хэрэглэдэг. Эдгээр үгсийг багаас нь байнга хэрэглэснээр хүүхэд өөрийгөө үнэлэх чадваргүй, бүрэг, шийдэмгий бус болон хүмүүждэг. Учир нь хүүхэд бодохдоо ингэвэл ээж уурлана, тэгвэл аав загнана яагаад гэвэл миний хийсэн үйлдэл бүр, хэлсэн үг болгон буруу байдаг. Ээж аав 2-ыг уурлуулахгүйн тулд дуугай байж, илүү дутуу юм хийхгүй байсан нь дээр гэж боддог болно. Өөрөөр хэлбэл хүүхэд багаасаа чадахгүй, болохгүй, буруу гэсэн бодлыг эзэмшиж ямар нэгэн хүний зөвшөөрөлгүйгээр шийдвэрийг бие даан гаргах чадваргүй, өөрийгөө үнэлэх чадваргүй дорой нэгэн болж хүмүүмжнэ. Тиймээс бид хүүхдээ аль болох багаас нь юу ч хийсэн эхлээд сайн дэмжиж, урамшуулж өгөх ба түүний дараагаар ямар нэгэн засвар хийх шаардлагатай бол өөрийн санал болгож тайлбарлавал хүүхэд таны гаргасан саналыг бодож үзэж дараа нь хэрэгжүүлэх болно. Жишээлбэл: Яасан мундаг хүү вэ, миний хүүгийн зөв, яг болж байна гэхдээ ингээд хийчихвэл арай илүү болох байх чи юу гэж бодож байна?
Хэрвээ хүүхэд чинь өндрөөс үсрэх буюу өөртөө халтай юм хийж байвал шууд боль гэж уцаарлахын оронд "Пөөх яасан мундаг хүүхэд вэ, гэхдээ ээж нь чамайг өөрийгөө гэмтээчих вий гэж айж байна яагаад гэвэл миний хүү арай л бага байна, том болохоороо миний хүү арай илүү чаддаг болно" гэх мэтээр тайлбарлаж өгч байвал та хүүхэддээ багаас нь өөрийгөө үнэлэх зан чанарыг оюун ухаан бодол санаанд нь шингээж өгч байгаа юм.
Ингэж багаасаа өөрийгөө үнэлж сурснаар том болоод өөрийгөө үнэлж, хүндэтгэж хайрлахаас гадна бусад хүмүүсийг хайрлаж, хүндэтгэж амьдралыг сайн сайхнаар харж, төсөөлнө. Амьдралаа сайн сайхнаар харж төсөөлснөөр зорьсондоо хүрж, амьдралаас хүссэн бухнээ авах чадвртай болж аз жаргалтай амьдрах юм.
Гэхдээ та өөрөө хүүхдүүдийнхээ гол үлгэр жишээ, байлдан дагуулагч гэдгээ мартуузай.
Тийм ээ, өөрийгөө үнэлж сурах нь таны амьдралын гол хүчин зүйл юм. Өөрийгөө дээгүүр унэлж сурснаар та амьдралдаа зөв алхам, зөв сонголт хийхээс гадна бусад хүмүүсийг хүндэтгэж, хайрлаж, баярлуулж тэдний өөрсдийгөө үнэлэх үнэлгээг сайжруулж өгснөөр эргээд тэд таныг хайрлаж, хүндэтгэх болно.
Энэ бугдийг уншсаны дараа магадгүй танд - Яаж өөрийгөө үнэлж сурах вэ? гэсэн бодол төрөх байх. Хэрхэн өөрийгөө үнэлж сурах аргуудыг дараагийн нийтлэлээс олж уншаарай.
Цаг зав гарган уншсан танд баярлалаа.
Танд амжилт хүсъе!
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment